“ОЙН ГАЗАР”-ЫН ТАНИЛЦУУЛГА
2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан бөгөөд энэхүү хуулийн 13 дугаар зүйлд “Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажиллах”–аар хуульчлагдсан юм.
Иймд ”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд ”11. “Ойн хэрэг эрхлэх газар” гэж нэмж оруулахаар санал оруулж, Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлуулав.
Тус агентлагийн эрхлэх асуудлыг Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, жил бүр ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тогтоох үндэслэл, санал боловсруулах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ойн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, ойжуулах, ногоон хэрэм, ойн зурвас байгуулах, улсын төсвөөс ойжуулалтад зориулан олгосон хөрөнгийг хуваарилах, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг сонгон авах, тухайн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах, орон нутаг дахь Ойн анги, иргэдийн нөхөрлөл зэргийг мэргэжлийн удирдлагаар хангах, ой зохион байгуулалт, ойн сангийн бүртгэл, тооллого явуулах, ойг хамгаалах дэвшилтэд арга технологи судлан боловсруулах, мод сөөгний үрийн нөөцийн сан бүрдүүлж, мод үржүүлгийн газар байгуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон болно. Түүнчлэн ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг хариуцдаг.
|