| Oimod.mn Танилцуулга |
|
|
|
| Зохиогч Administrator |
| Мягмар гараг, 28-10-2008 05:05 |
|
Oimod.mn Танилцуулга Манай улсын ойн талбай нь 19.0 сая га, үүнээс ой модоор бүрхэгдсэн талбай нь 13.4 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 8.6 хувь байгаа нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан жишгээр ойн нөөцөөр хомс орны тоонд ордог юм. Сүүлийн 5 жилд дундажаар 14 аймаг, нийслэлийн 61 сум, дүүрэгт 150 удаа ой, хээрийн түймэр гарч, жилд дундажаар 340.0 мянган га талбай нэрвэгджээ. Дэлхийн цаг агаарын дулаарал, ойн түймрийн давтамжаас шалтгаалан энэ хугацаанд 350.0-800.0 мянган га талбайд ойн хөнөөлт, шавж, өвчин тархаж, их хэмжээний ой дахин сэргэх боломжгүй болсон байна. Мөн зах зээлийн шилжилтийн үед зарим иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ойд хууль бусаар мод бэлтгэж ойн санд ихээхэн хохирол учруулж байгаа билээ. Дэлхийн цаг уурын дулаарал, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчний тархалт, хууль бус мод бэлтгэлийн нөлөөгөөр өнөөдөр ойжуулах шаардлагатай 680.0 гаруй мянган га талбай хуримтлагдаад байна. Иймээс төр засгаас онцгой анхаарч 2007 оны 5 дугаар сард шинэчлэн батлагдсан Ойн тухай хуульд ойг нөхөн сэргээх, ойг үржүүлэх /өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчлөх, огтолсон 1 модны оронд 10, түүнээс дээш, мод тарих, жилд иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага бүр 5-аас доошгүй мод тарих, тарьж чадахгүй нөхцөлд зардлыг хандивлах/ гэсэн зарчмын өөрчлөлтүүдийг оруулж, ойн санг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа юм. Мөн Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаа, цөлжилт, элсний нүүлт, шар шороон шуурга гэх мэт экологийн өнөөгийн сөрөг нөлөөллийг багасгаж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгоход “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол орны говь, хээрийн бүсийн заагийг бүрэн хамарсан Ногоон зурвас байгуулах зорилго бүхий ”Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж улс даяар бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. Йимд Ойн тухай шинэчилсэн хуулийг сурталчлах, Ойн тухай хуулийн 4.2 зүйл, мөн хуулийн 28.1 зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ард иргэдийн мод тарих хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, арчлах, мод, бут сөөгийг тарьж ургуулах арга технологи, мод, бут сөөг, тарьц суулгацын үнэ, стандартын талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, экологийн боловсрол олгоход ”www.оimod.mn” веб сайд тус болох юм. “www.oiмод. mn” мэдээллийн веб хуудас бий болсноор ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага аль аймагт ямар зүйлийн модны тарьц, суулгац байна, тарьц, суулгацтай аж ахуйн нэгжийн нэр, харилцах утас, модны төрөл зүйл, ангилал, тарьц суулгацын тоо, хэмжээ, үнэ, мод тарих арга технологи, мод үржүүлгийн газар байгуулах шинжлэх ухааны үндэслэлтэй заавар зөвлөмж, монгол оронд ургах модны латин, англи, орос хэл дээр орчуулсан нэр гэх мэт мэдээллийг интернетээс шууд авч ашиглах, модыг зөв тарьж сурах, мод, бут, ургамлыг хамгаалж хайрлах болно. Ингэснээр иргэн бүр тарьц, суулгац олж авах, түүнийг тарьж арчлах мэдлэгтэй болж, манай орны нөхцөлд тарьсан мод бутын амьдралтын хувь дээшилж, ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэж, агаарын бохирдол, элсний нүүлт, цөлжилт хээршилт багасах боломжтой юм. Comments (3) |
| Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв гараг, 30-10-2008 07:08 ) |

















